Дизель түлш гарган авах боломжтой бактери нээжээ

Маш энгийн аргаар нэгэн төрлийн бактериас шатахуун буюу дизель түлш гарган авах боломж байгааг эрдэмтэд хэлж байна. Судлаачид “Е. Коли” хэмээх бактерийн шинж чанарт өөрчлөлт оруулж сахар болгон хувиргаж түүнээсээ тос гарган авснаар шинэ төрлийн эх үүсвэр бүхий дизель түлш гарган авах боломжтойг нотолжээ.  

Дизель түлш гарган авахаар ажиллаж байгаа судалгааны багийнхны хэлж буйгаар хэрэв бактерийг өсгөх аргаар түлшийг гаргаж эхлэх юм бол энэ нь өргөн хэрэглээнд хурдан орох боломжтой, маш хямд аргаар үйлдвэрлэгднэ гэв. Одоогийн байдлаар бүх туршилт судалгаа АНУ-ын Үндэсний эрдэм шинжилгээний академд явагдаж байгаа. Судалгааг профессор Жон Лавын удирдсан эрдэмтэд хийж байна. Тэрээр “ Бактерийг хувиргах аргаар хиймэл дизель түлш гарган авах энэ оролдлого өмнө нь хиймэл түлш үйлдвэрлэхээс хамаагүй хурдан бөгөөд боломжит арга мөн” хэмээн хэлжээ. Түүнчлэн “ Энэ нь цоо шинэ арга, нээлт биш харин хэрэглэгч, машин үйлдвэрлэгчдэд санал болгох эко хэлбэрийн шинэ боломжит арга зам”  гэлээ.

Түлшний үйлдвэрлэл

Дэлхий дахинаа биотүлшний хэрэглээ улам бүр өссөөр байгаа. Европын холбооны орнууд 2020 он гэхэд шатахуун хэрэглээг одоогийнхоос хэд дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьжээ. Гэхдээ энэхүү биодизель болон био-этанол нь одоогийн хэрэглэгдэж буй машин, миханизмтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл үүнд зориулсан машин ч мөн үйлдвэрлэгдэх хэрэгтэй болно гэсэн үг ажээ.

Харин түлш гарган авахын тулд бактерийг сайтар үржүүлэх хэрэгтэй. Учир нь 100 литр бактериас ердөө нэг цайны халбага түлш гарган авдаг аж. Тиймээс шинэ эх үүсвэрийн энэхүү дизель түлшийг гарган авахын тулд Е. Коли хэмээх энэхүү бактери боловсруулах  үйлдвэрийг эхлээд байгуулах шаардлага тулгарч байна. Энэ үйлдэр нь технологийн хувьд тооцоолж байснаас тун энгийн байх боломжтой хэмээн  хэд хэдэн шатахуун үйлдвэрлэгч компаниуд үзжээ.

Хүн төрөлхтөн байгалийн нөөцөө аль болох хэмнэх шаардлага тулгарч байгаа энэ үед энэ мэтчилэн хиймэл аргаар хэрэгцээгээ нөхөх боломжуудыг судалж байна. Дэлхийн нийтийн хамгийн чухал хэрэгцээт бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байгаа шатахууныг ийнхүү хялбар аргаар гаргаж авч чадсанаар бид олон талын давуу тал болоод боломжуудыг бүрдүүлж ирээдүйдээ бодитой хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.

Х.Төгөл    

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ