Азийн шатрын оюутны аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчид оролцоно

 Ази тивийн шатрын оюутны 2021 оны аварга шалгаруулах онлайн тэмцээнийг энэ сарын 2-12-нд Индонезийн Гунадарма хотоос удирдан зохион байгуулах бөгөөд манай улсаас Монголын оюутны спортын холбоо болон Үндэсний шигшээ баг оролцохоор боллоо. 


Тодруулбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг орох ба бүрэлдэхүүнд нь эмэгтэйгээс МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай, МУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Б. Отгонсувд оролцоно. Харин эрэгтэйгээс МУИС-ийн оюутан, ОУМ Ү.Агьбилэг, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан, ДШХ-ны мастер Г.Булганхан нарын дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч оролцоно.


Багийн бүрэлдэхүүнд ноднин тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан Т.Номиндалай болон амжилттай тоглож байсан Ү.Агьбилэг нарын туршлагатай тамирчид оролцож байна.


Эмэгтэй шатарчдын тэмцээн энэ сарын 2-5-нд, эрэгтэй тамирчдын тоглолт энэ сарын 9-12-нд рапид төрлөөр Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргана. Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Филиппины иргэн, олон улсын шүүгч Касто Абуидо, ерөнхий шүүгчээр, АНЭУ-ын иргэн, олон улсын шүүгч Абдулрахам Махди нар болон бусад шүүгчийн бүрэлдэхүүн удирдан явуулах юм.


Азийн оюутны спортын холбоо, Индонезийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнийг цар тахлын улмаас цахим сайтаар явуулах заавар, удирдамж гарсан. Энэхүү тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шриланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцох аж. Багийн төрөлд эдгээр багаас эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг оролцох юм. 


Ташрамд дурдахад анхны оюутны Азийн АШТэмцээн нь 2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдож манай улсаас хоёр баг оролцон, МУИС-ийн баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхэлж байв. Ноднин 12 дугаар сард болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн II тэмцээнд Монголын эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван шатарчин орж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд 11 орны 37 шатарчид рапид төрлөөр швейцарь системээр есөн өрөг тоглосноос "Мон-Алтиус" БТДС-ийн оюутан, ДШХ-ны мастер Э. Хулан 7.7 оноогоор түрүүлж байв. Мөн тивийн анхны оюутны аварга болсон бол МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр ДШХ-ны мастер Б.Ану ахлагчтай Монгол Улсын эмэгтэй баг түрүүлж, Индонез болон Иран улсын оюутан баг, тамирчид удаалж байв. Ази тивийн 2020 оны АШТ-д 13 орны 48 эрэгтэй оюутан шатарчинд оролцож, Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар өрсөлдсөн 6,5 оноотой 3-р байр эзэлж амжилттай оролцож ирсэн билээ. Монголын оюутны шатрын баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбооны хамт олон зохион байгуулан оролцуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ