Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн гэрээг байгуулжээ.

skip-share

170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээр нэгдүгээрт, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; хоёрдугаарт, коронавируст халдварын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Иймээс "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ