300 мянган төгрөгийг Ebarimt.mn болон Ekhalamj.mn-д бүртгэлтэй дансаар олгож байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын иргэд бүр нэг удаагийн дэмжлэг хэмээн 300 мянган төгрөг олгохоор болсон.
Дээрх шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байгаа талааар Сангийн яамнаас мэдээллээ. Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм байна.
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга М.Батхуяг "Хүүхдийн мөнгө авдаг хүүхдүүдэд 300 мянган төгрөгийг олгосон. Нийт 1,196,578 хүүхдэд олгосон. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болон Сангийн сайд нар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байгаа бөгөөд НХХЯ-наас иргэдийн бүртгэлийг өгч байна" гэлээ.
ebarimt систем нь НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу оруулж өгдөг бөгөөд Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор 1.6 сая иргэний 300 мянган төгрөгийг шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Харин бүртгэл хийлгээгүй иргэд ebarimt.mn-д бүртгүүлэн дансаа оруулснаар төрөөс олгож байгаа дэмжлэгийг авах боломжтой юм байна. Шинээр бүртгэл хийлгэсэн иргэд гурван хоногийн дараа бүртгэл нь баталгаажиж, мөнгөө авах боломжтой бөгөөд банк, төрийн байгууллагад очих шаардлагагүй юм байна.
Татварын албанаас Оюу толгойд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюу толгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ