“Ажлын байрыг дэмжих зээл”-тэй холбоотой түгээмэл асуулт, хариулт
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН-үүдийн ажлын байрыг хамгаалж, дэмжихэд зориулан хоёр их наядын төсвийг баталж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байна.
ААН-үүдийн ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой түгээмэл гарч байгаа асуулт, хариултыг хүргэж байна.
1. Зээлийг хаанаас авч болох вэ?
Та өөрийн харилцдаг аль ч арилжааны банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай зээлийн материалыг бүрдүүлж, олголтыг хийж эхлээд байна.
2. Тус зээлийн нөхцөл нь юу вэ?
Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн жилийн хүү 3 хувь, эргэн төлөлтийн график сар бүр тогтмол дүнгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй.
3. Зээлийн зориулалт юу вэ?
Зээлийн зориулалт нь Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.
4. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сан оролцож байгаа гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах вэ?
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргана.
5. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Банканд өгөх шаардлага байгаа юу?
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.
6. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг үү?
Зээлийн батлан даалтын санд хамрагдаагүй зээлдэгчийн хувьд салбар харгалзахгүй олгох боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч буюу аж ахуйн нэгж банкны барьцаа хөрөнгийн шаардлага болон бусад зээлийн шаардлагыг хангасан бол зээлд хамрагдах боломжтой.
7. Зээлийг эхний хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх үү?
Таны зээлийн эргэн төлөлтийн нийт төлбөр сар бүр тогтмол дүнгээр төлөгдөх бөгөөд 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой. Та банктайгаа харилцан ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн графикт энэ талаар тусгуулах боломжтой.
8. Ажлын байрыг дэмжих зээл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Тус зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан олгогдохоор байна.
9. Хамаарал бүхий этгээд гэдгийг юу гэж ойлгох вэ?
“Хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
10. Зээлдэгчид тавигдах шаардлага нь юу байгаа вэ?
a) Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
b) Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
c) Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно.
11. Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?
Болно. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдаж болно. Гэхдээ таны энэ зээл Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Учир нь Зээлийн батлан даалтын сангийн 3 хувийн зээлд гаргаж буй батлан даалт зөвхөн шинээр олгож буй зээлүүдэд хамаарч байна.
12. Зээлийн 3 хувийн хүүг ямар нөхцөлд цуцлах вэ?
Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: Монголбанк
СЭТГЭГДЭЛ БИЧИХ