Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөмж гаргалаа

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн.

Тэр тусмаа сүүлийн үед залилан мэхлэгч этгээдүүд иргэдийг итгэн үнэмшүүлэхийн тулд улам бүр боловсронгуй, нарийн арга ашиглах болсон. Жишээлбэл, хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн “гоёсон” залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл үүсгэж мөнгө, цаг хугацаагаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг ялган танихад дараах сэжүүрүүд Танд тус болно.

Маш бага хэмжээний эрсдэл /эрсдэлгүй хөрөнгө оруулалт/-д өндөр өгөөж санал болгох:

Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлаарай. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр өгөөж санал болгодгийг мартаж болохгүй.

Шахалт үзүүлэх тактик:

  • Хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай!
  • Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай санал. Энэхүү боломжийг бүү алдаарай!
  • 2000 гаруй хүн хөрөнгө оруулалт хийгээд байна. Та юу хүлээж байна?
  • Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдлэнэ.

Энэ мэт хязгаарлагдмал саналуудаас эхлээд хугацаатай бэлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргын гол нууц нь иргэдийг мөнгөө юу ч бодолгүйгээр, тооцоолол хийх хугацаа олголгүйгээр хөрөнгө оруулахад яаруулж буй хэрэг. Ер нь шахалтын иймэрхүү арга барилыг хөрөнгө оруулалтын залилан мэхлэх гэмт хэрэгт л голлож ашигладаг. Иймээс иргэн Та хөрөнгө оруулалт хийхийн өмнө эхлээд юунд хөрөнгө оруулалт хийж байгаагаа анхаарч нэг шалга. Хэрэв итгэлгүй байвал сэтгэл хөдлөлөөр хандсан хөрөнгө оруулалтаас шууд татгалзаарай.

Хуурамч бичиг, баримт:

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашиглан ятгаж магадгүй. Мөн өмнөх хөрөнгө оруулалтад нь сэтгэл хангалуун байгаа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээр итгэл, үнэмшлийг тань дээшлүүлэхийг оролдоно. Иймд, хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

Зөвшөөрөлтэй этгээд мөн үү...

Зарим хөрөнгө оруулалтын залилан нь таныг төөрөгдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудын зохицуултад байдаг гэж итгүүлэх аргыг ашиглаж магадгүй. Ийм тохиолдолд холбогдох зохицуулагч байгууллагаас нь лавлагаа хүсэх, цахим хуудсанд байршуулсан тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн жагсаалтыг шалгах хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн мэргэжлийн оролцогчдод санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Иймд зохицуулалтгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн залилан мэхлэх үйл ажиллагааны хохирогч болохоос сэргийлж сайтар нягтлахыг дахин зөвлөе.



САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ