"Оюутолгой" ХХК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг бүрэн төлжээ
Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар төлсөн байдлыг шалгаж дээрх нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан юм. “Оюутолгой” ХХК-иас 2021 оны хоёрдугаар сарын 25-нд эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол өнөөдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Ингэснээр, Татварын ерөнхий газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-нд 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа хэмээн Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлэлд тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал,
-Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
-"Туркойз хилл ресурс" компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
-АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ