НД-ын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувь боллоо

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж нийт 26 хувийн шимтгэл авахаар болсон талаар НДЕГ-аас мэдээллээ. 

"Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны 4-р сарын 14-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба ингэхдээ ажил олгогч болон ажилтан тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл 7 хувь байсныг 9,5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ хуулийн дагуу:

  • 2018 онд 1 пунктээр,
  • 2019 онд 0.5 пункт,
  • 2020 онд 1 пунктээр

Нийт 2.5 пунктээр нэмэгдүүлэхээр болсон. 2020 онд нэмэгдэх ёстой байсан шимтгэлийг УИХ-аар 2021 онд хойшлуулж баталсан ба үүний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээ 2 пунктээр буюу ажилтан, ажил олгогчид тус бүр 1 пунктээр нэмэгдсэн. Үүнийг ХНХЯ, НДЕГ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Монгол улсад 49 орчим мянган байгууллага нийгмийн даатгалын тайланг өгдөг. Цар тахлаас шалтгаалж орлого нь буураад байгаа байгууллагын эдийн засгийг дэмжих зорилгоор 2020 оны 10-12-р сард ниймгийн даатгалаас чөлөөлсөн. Үүнд 38,4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчийн 672 орчим тэрбум төгрөгийг чөлөөлсөн. 

Тус чөлөөлөлтөд хамрагдсан 38,4 мянган ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн даатгалыг нь ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 пунктээр, эрүүл мэндийн даатгалыг нь 2 пунктээр 2021 оны долоодугаар сарын 1-ны өдөр хүртэл төлүүлэхээр хуульчилсан. Тэгэхээр нийт 21 хувиар шимтгэл төлөхөөр 5-7 пунктээр хөнгөлөлтөд хамрагдана гэсэн үг.

Төрийн болон төрөөс санхүүждэг байгууллага, орон нутгийн өмчит байгууллага шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй. Харин төрийн байгууллагагуудаас зөвхөн төрийн өмчийн их дээд сургуулиуд хамрагдах бол бусад бүх хувийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шашны байгууллага, олон улсын байгууллага гэх мэт газрууд чөлөөлөлтөд хамрагдана" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ