Өмнөх оны мөн үеэс 6.8 тонноор илүү үнэт металл худалдан авчээ
Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт хүрлээ. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.
Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийснээр аж ахуй нэгж, иргэд цаг хугацаа хэмнэх гэх мэт ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.
Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдыг бууруулах, мөн дотоодын зах зээл гарал үүсэл тодорхой үнэт металлын худалдааг сайжруулах зэргээр үнэт металлын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ