Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлтэй иргэд найман сар төлбөрөө төлөхгүй байж болно

Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд эргэн  төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг нь сунгах арга хэмжээг 2020.11.01-нээс 2021.07.01-н хүртэл авахаар болсон билээ.

Ипотекийн зээлтэй 78 мянган зээлдэгч манай улсад байдаг бөгөөд дээрх шийдвэрийн дагуу найман сарын хугацаанд ипотекийн зээлийн төлөлт хойшлох боломжтой болсон.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээлтэй иргэд анх хугацаагаа сонгоод 8 болон 6 хувиар гэрээгээ хийчихсэн. Жишээ нь 20 жилд буюу 240 сард мөнгөө сар болгон өгөхөөр гэрээ хийгдчихсэн явж байгаа.    

Тэгвэл ипотекийн зээлтэй иргэд 2020.11.1-нээс 2021.07.01-ны хооронд буюу найман сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй байж болно. Энэ хугацаанд хүү бодогдохгүй.

Гэхдээ харилцагч  санхүүгийн дарамтад ороогүй, төлбөрөө хугацаандаа төлөх боломжтой гэвэл төлөөд явж болно. Яагаад гэвэл зээлийн гэрээ 20 жил байлаа гэхэд хугацаагаа сунгаж байгаа бол 20 жил найман сар болж хойшлогдоно гэдгийг санах хэрэгтэй. 

Ипотекийн зээлийн санхүүжилтийн дийлэнхийг Монголбанк хариуцдаг тул төлбөр төлөх хугацааг сунгах боломжтой гэж үзээд ийнхүү шийдвэр гаргасан юм. 

Судалж үзвэл, ипотекийн хөтөлбөрийн хэмжээнд нэг зээлдэгч сард дунджаар 530 мянган төгрөгийн төлбөр төлж явдаг. Найман сараар бодвол 4,240,000 төлбөр төлөх дарамтнаас чөлөөлөгдөж байна” гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ