Монголбанк: Бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж 6 хувь болголоо
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм эдийн засгийн бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Цаашид тогтвортой байдлыг хангахын тулд ямар бодлогын зохицуулалт хийх талаар өнөөдөр Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хурлаар
-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувь болгох,
-банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
-зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 сарын 1 хүртэл хойшлуулах
-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргалаа" гэлээ.
"Монгол Улсад анхны хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу 2020 оны нэгдүгээр сараас Монголбанк бүхий л журмаа зөөллөж, иргэд, ААН-д ирж байгаа дарамтыг зөөллөж ирсэн. Зээлд эрсдэлийн сан байгуулах журмын зохицуулалтыг суллаж өгсөн. ААН-үүд, иргэдийн зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан.
Он гарснаар 125 мянган харилцагч 5,3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банканд гаргасан. Банк хүсэлтийг авч үзээд 3,7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ зохицуулалт үргэлжилж байна.
Анх энэ оныг дуустал гэсэн шийдвэр гаргаж байсан. Засгийн газрын хурлаар ирэх оны 7 сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Бизнест нь хүндрэл учирсан ААН, иргэд зээл төлбөрөө хойшлуулах арга хэмжээ авч болно" гэлээ.
Мөн "Цар тахлыг хяналтандаа авсны дараа эргээд эдийн засаг сэргэнэ. Эрүүл мэндийн салбарт үүссэн асуудал дуусахад өөр бусад салбарт дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк зохицуулалтыг зэрэг хийж байна. Банкуудыг хүндрэлд оруулахгүйн тулд зохицуулалт мөн хийж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ