"Эрдэнэт үйлдвэр" улс, орон нутгийн төсөвт 765,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна

 Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэр штабын зохион байгуулалтаар шат дараатай ажлууд төлөвлөн хэрэгжүүлж, эрсдэлээс хамгаалах зорилгоор уурхайчдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулан, ариутгал халдваргүйтгэлийг өндөр хэмжээнд зохион байгуулж байна. 

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлттэй холбогдуулан санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээллээ. Баялаг бүтээгчид 2020 оны эхний 10 сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт төлөх ёстой төлбөрийн дүнг 13 хувиар давуулан биелүүлж, өнөөдрийн байдлаар 765,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм. 

     Эрдэнэт үйлдвэр 2020 онд зэсийн үнийг 5991 ам.доллараар төлөвлөсөн хэдий ч энэ оны 1-р улиралд 4600 ам.доллар болтлоо буурсан тул төлөвлөгөөний биелэлтийг хангахын тулд нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар оны эцэс гэхэд шинэ дээд амжилтын эзэд болох боломжтой юм.  

     Улс орон даяар хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан бараа материалын худалдан авалтын тендер зохион байгуулдаг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем түр хаагдсан. Гэвч Эрдэнэт үйлдвэр технологид шаардлагатай бараа маериал, сэлбэг хэрэгслийн нөөцийг хангалттай бүрдүүлэн, өнөөдрийн байдлаар 1-3 сарын нөөцтэй ажиллаж байна. 

И.Чинтогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ