Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 767 иргэнд олгожээ
Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан аравдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын тавныг хүртэлх хугацаанд Төв банк болон банкууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.
Санхүүжилтийг эх үүсвэрээр нь задалбал 61 хувь нь Монголбанкны эх үүсвэр, үлдсэн нь банкнуудынх байна. Дөрөвдүгээр сард УИХ баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Төв банк Засгийн газарт шилжүүлээд байсан ипотекийн зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн санхүүжүүлж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.
Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөөд байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан юм. Ингэхдээ ипотекийн зээлийг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, урт хугацаанд зах зээлийн зарчимд тулгуурласан системд шилжүүлнэ. Олон Улсын Валютын Сангийн зөвлөмж болон олон улсын сайн туршлагатай нийцүүлэн орон сууцны ипотекийн зээлийг засгийн газар хариуцахад хамтран ажиллах стратеги баримтлах юм.
Мөн цар тахлын үеийн хуулиар Монголбанк 38 мянга 270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан юм. Энэ нь ипотекийг зээлийн хөтөлбөрт хамрагдсан нийт зээлдэгчийн 53 хувьтай тэнцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ