“Парламент-30” шатрын тэмцээн эхэллээ
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурал болон үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын “Парламент-30” тэмцээн /2020.11.07/ эхэллээ. Тэмцээнийг нээж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ойд зориулсан зохиож буй арга хэмжээний салхийг оюуны спортоор эхлүүлж байгааг дурдаад, Монгол Улсын Их Хурал оюуны спортын хаан болох шатрын спортыг ивээлдээ аван нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр онцгой анхаарч Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хойш 8 удаа амжилттай зохион байгуулсныг тодотгож тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв. Эхний нүүдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав нар нүүж тэмцээнийг эхлүүллээ.
Байнгын ажиллагаатай парламентын ойд зориулсан энэхүү тэмцээн нь хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 2015 онд 25 жилийн ойгоор анх удаа зохиогдож байв. “Парламент 2015” тэмцээнд Улсын Бага Хурлын гишүүн, спортын мастер Д.Ламжав түрүүлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
“Парламент-30” тэмцээнд нийт 40 шатарчин оролцож байна. Шатрын олон улсын хэмжээний мастер цолтой 1, спортын мастер-3, дэд мастер-3 оролцож байгаа бөгөөд Монголын Шатрын Холбооны шатарчдын рейтингийн жагсаалтанд албан ёсоор бүртгэлтэй, чансаа бүхий 10 гаруй шатарчин өрсөлдөж байна.
Сонирхуулахад 2017, 2018 онуудад долоо дахь удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” тэмцээнийг 2 удаа зохиоход, УИХ-ын эрхэм гишүүн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг, Л.Энхболд, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг нар медаль хүртэж байжээ.
Мөн шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Оюунлаг түшээ” тусгай шагналыг Ц.Оюунбаатар (2013), Х.Болорчулуун (2015, 2020), Г.Занданшатар (2017), Б.Пүрэвдорж (2018, 2020), Б.Саранчимэг (2018) нар тус тус хүртэж байв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ