Д.Ганбат: Ёс зүйгүй сайд Г.Ёндонг нэн даруй огцрохыг шаардаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг хүргүүлсэн гэдгийг мэдээллээ.
Бүлгийн хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн багц төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүд, Үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Мөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж буй тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон гэдгийг хэллээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг АН олонх байхдаа баталсан. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн уг хуулиар Монгол Улсын төрийн болон улсын төсөвт аж ахуйн нэгжүүдийн таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээллийг ил тавих үүрэгтэй болсон. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хувийн сургуульд суралцаж буй хүүхдүүдийнхээ төлбөрийг төлүүлсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын мөнгийг ийнхүү зарцуулсан хэр нь үүнийгээ хэвийн мэтээр тайлбарлаж байна. Засгийн газар ёс зүйн хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй улам өөгшүүлж байна. Ерөнхий сайд таны тэргүүлж буй Засгийн газар энэ мэт ёс зүйгүй байдалд хариуцлага тооцохгүй байгаа нөхцөлд шударга ёсыг хүлээх хэрэггүй, цаашид ажиллах боломжгүй гэж дүгнэж байна.
Монгол Улсын нөхцөл байдал хүнд, улсын үйлдвэрийн газрууд ашиггүй, өртэй байхад дарга нар нь иймэрхүү нөхцөл гаргаж байгаа нь үнэхээр ёс зүйгүй байна. Хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа орнууд хүүхдээ албаны машинаар хүргэж өгсөн албан тушаалтнууд огцордог. Гэтэл өнөөдөр төлбөрийг нь буцаагаад өгсөн гэсэн тайлбар өгч байгаа нь үнэхээр ёс зүйгүй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ