Н.Энхтайван: Өнгөрсөн сард 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр "Дипломат албаны томилгоонд хэн нэгний шахаа байхгүй. Шахаа гэдгийг би нийгмийн шахаа гэж ойлгож байна. Өндөр мэдлэгтэй хүний нийгмийн зүгээс дипломат албанд томилох шахааг нийгэм болон гэр бүл, найз нөхдийн зүгээс нь гаргадаг гэж ойлгож байна. Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймээс дипломат албанд сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлж хууль зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна. Дипломат албаны дүрэм гэдгийг шинээр баталсан. Үүнийг хатуу нягт хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. 


Түүнчлэн дипломат паспортыг цэгцэлж байна. Өнгөрсөн сард нийт 6000 гаруй дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугаарыг чиптэй болгосон. Аль нэг дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй хүмүүс нэг сараас илүү хугацаагаар гадаадад зорчсон тохиолдолд дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яаманд мэдээлэх үүрэг хүлээхээр болсон. 


Манай улс 192 улстай дипломат харилцаатай. Мөн 78 олон улсын байгууллагатай хамтын ажиллагаатай. Шинэ Засгийн газар байгуулагдаад эхний ээлжинд юун дээр анхаарч ажиллах вэ гэдгийг хэлэлцсэн. Үүний үр дүнд хамгийн түрүүнд гадаад харилцааны салбарт анхаарахаар болсон. Хоёрдугаарт цар тахлын асуудлаар яаралтай арга хэмжээ авах, цар тахлын шинэ нөхцөл байдалтай дасан зохицож ажиллах, гадаадад гацсан иргэдээ татан авах, гадаад харилцаа эрх зүйн хувьд шинэчлэх зарим хууль тогтоомжийг шинээр батлах, Гадаад харилцааны яамны сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ