Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, УИХ-ын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ