Ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг соёрхон баталлаа

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийн хуулийн төслийг хэлэлцлээ.  


Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин нар тус тус танилцуулсан. 


Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжилтийн хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тодотгов.


Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулжээ. Энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны зүгээс тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.



Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн талаар танилцуулгад дурдав.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн олонх Европын холбооноос үзүүлж буй төсвийн дэмжлэгийн зарцуулалтыг тодруулахын зэрэгцээ Монгол Улсын гадаад өр, буцалтгүй тусламжийн хэмжээг илүүтэй лавласан.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдэд өгсөн хариултдаа, Европын холбоо татвар төлөгчдийн маань мөнгө учир өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдээ татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан. Тус холбооноос 1992 оноос хойш  зээлийн санхүүжилт огт олгоогүйн зэрэгцээ одоо олгож байгаа 50,8 сая еврогийн төсвийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварын орлогыг  нэмэгдүүлэхэд чиглэж, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дөрөвдүгээр улиралд эхний санхүүжилт болох 16 сая еврог авна. Төслийн нэгж байгуулахгүй бөгөөд 43 сая евро буюу 85 хувь нь төсвийн дэмжлэг болгон, үлдсэн 15 хувийг НҮБ болон Европын холбооны холбогдох байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдэд техникийн туслалцаа, дэмжлэг хэлбэрээр зарцуулагдана гэв. 


Мөн тэрбээр, Монгол Улсын гадаад өр 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30,8 тэрбум ам.доллар байгаагийн 19,1 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компанийх, 1,7 тэрбум ам.доллар нь арилжааны банкных, 2.1 тэрбум ам. доллар нь Монголбанкных, 7.9 тэрбум ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын өр эзэлж байгааг тодотгоод Монгол Улс 1990 оноос хойш 3  гаруй  тэрбум ам. доллартай тэнцүү хэмжээний  буцалтгүй тусламжийг аваад байна гэж байлаа.   


Ингээд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийн хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ