Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн
Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.долларт хүрсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.доллар. Үүнээс Оюутолгой ХХК, Энержи Ресурс ХХК зэрэг томоохон ААН, компаниудын зээл 19.1 тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар, Арилжааны банкуудын зээл 1.7 тэрбум ам.доллар, Монголбанкны зээл 2.1 тэрбум ам.доллар тус тус эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулагчийн өр яагаад Монгол Улс дээр бичигдээд байна вэ гэхээр төслийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлж буй юм. Нэг нь өөрийн хөрөнгөөр. Энэ бол өрөнд орохгүй. Харин томоохон хөрөнгө оруулалтын банкуудаас зээл аваад Монгол Улсад хөрөнгө оруулбал манай зээлд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, шууд хөрөнгө оруулалтаар санхүүжилт орж ирсэн ч тэр нь зээл байвал Монгол Улсын гадаад өрд тооцогдоно. Монгол Улс хөгжлийнхөө үед буюу 1990 оноос хойш нийт 3 тэрбум орчим ам.долларын буцалтгүй тусламж авсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ