"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 353 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.


Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав.


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119.5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516.8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. 2020 оны эхний гурван улирлын байдлаар 198 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 353.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 811.5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан байна.  


"Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56.5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28.7 тэрбумаар өсөж, цэвэр ашиг нь 24.4 тэрбумд хүрч, 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ