Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжсэнгүй
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар олонхийн дэмжлэг аваагүй тул төсөл санаачлагчид буцаалаа.
Төсөл санаачлагч “Өнөөдөр 30 настай залуу шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч одоогийн системээр тэтгэвэрт гараад үр хүүхдээсээ хараат өөрийнхөө ойрын хүсэл хэрэгцээг хангаж чадахгүй байдал үргэлжилсээр байх болно. Тиймээс өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг болж чадахуйц тэтгэврийн системийг бий болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлж, танилцуулж байна” гэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэхийг дэмжье, харин Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлтэй хамт оруулж ирээд хэлэлцээд явъя гэсэн байр суурийг илэрхийлсэн бол хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаа нь сайшаалтай, хойшлуулаад, Засгийн газрын бодлоготой уялдуулж оруулж ирж хэлэлцэе гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Ганбаатар нар илэрхийлсэн.
Ийнхүү хэлэлцээд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй.
Санал хураалтад 14 гишүүн оролцсоны долоо нь дэмжиж, дөрвөн гишүүн нь санал хураалтын үед чуулганы танхимд байгаагүй тул татгалзсан саналд тооцогдож, нэг гишүүн кнопоо андуурч дарсан, хоёр гишүүн нь татгалзсан санал өгчээ.
Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тавдугаар сарын 13-ны өдөр Н.Учрал нарын таван гишүүн хуулийн төслийг танилцуулсан бөгөөд "НДШ-ийн 4%-ийг хувийн тэтгэвэрт хуримтлуулснаар 30 жилийн дараа 76 сая төгрөгтэй болно" хэмээж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ