Элчин сайд Д.Даваа Екатеринбург хотноо ажиллав

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Екатеринбург хотноо Свердловск мужийн Амбан захирагч Евгений Владимирович Куйвашевтэй уулзав. Уулзалтад мужийн Олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааны сайд В.В.Козлов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург хот дахь төлөөлөгч А.В.Харлов, Уралын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч А.А.Беседин болон ЭСЯ-ны төлөөлөл болон Екатеринбург хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул В.А.Воротников нар байлцав.


Уулзалтын хүрээнд Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа, хамтын ажиллагааг соёл, хүмүүнлэг, эдийн засгийн бүхий л салбарт бодитоор хөгжүүлэхэд Монгол Улсын ОХУ-ын бүс нутаг, орон нутгийн засаг захиргаатай хийж буй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж, Свердловск мужтай энэхүү харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцож, 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал, хамтарсан үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг зохион байгуулах боломжийг бүхий л талаар дэмжин ажиллахаар тохирсон байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ