Зээлийн хүүг 2023 оны эцэст сарын нэг хувьд хүргэнэ

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Ч.Ундрам нараас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.




Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч, 2020 оны 06 дугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон ч энэхүү үзүүлэлт дэлхийн дундажтай харьцуулахад “өндөр” хэвээр байна. Зээлийн хүү нь зээлдэгчдийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц төвшинд зээлийн хүүг дорвитой бууруулах чиглэлд санхүү, эдийн засгийн бодлого болоод хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.


“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээр заасан нь тогтоолын хууль зүйн үндэслэл болсон.


Тогтоолын зорилго нь зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхдээ санхүүжилтийн зардлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүүгийн зуучлалыг хязгаарлахгүйгээр зээлийн хүүг бууруулахад баримтлах бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн үндсийг тодорхойлж, тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий холбогдох байгууллагад үүрэгжүүлэх, хэрэгжилтийг хангаж, хагас жил тутам Улсын Их Хуралд тайлагнаж, үр дүнд парламентын хяналтыг хэрэгжүүлэхэд явдал юм. 


Нэр хүнд бүхий эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад манай улсын банкны зээлийн хүүний бүтцэд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь (9.8 нэгж хувь), үйл ажиллагааны зардал 17 хувь (2.8 нэгж хувь), зээлийн эрсдэлийн зардал 11 хувь (1.8 нэгж хувь), банкны ашиг болон бусад зардал 12 хувь (1.9 нэгж хувь) тус тус эзэлж байна. Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулахад суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлийн шууд болон дам нөлөөллийг сулруулахад энэхүү тогтоолын бодлогын агуулга оршино.


Тогтоол нь 4 заалт, 4 дэд заалтын хүрээнд тодорхойлсон 19 арга хэмжээ, 47 дэд арга хэмжээ бүхий хавсралттай бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээ нь дараах үндсэн 4 чиглэлээр тусгагдсан:


  • Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх; 
  • Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;
  • Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;
  • Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах.


Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг багатай эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, экспортын санхүүжилт өсөж, банкны салбарт өрсөлдөөнийг эрчимжиж, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжирч, зээлдэгчийн эрэлт хэрэгцээ, боломжид таарсан шинэ санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргалт нэмэгдэх зэрэг зээлийн хүүг бууруулах суурь нөхцөл хангагдах ач холбогдолтой. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ