Монгол Улсын визийг хилийн боомт дээр олгох зохицуулалтыг хуульчилна

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 140 орноос Монгол Улс  нийлбэр дүнгээр 93 дугаарт, “олон улсад нээлттэй байдал” буюу жуулчны виз олгох нөхцөлийн үзүүлэлтээр 128 орсон байна. Иймд хуулийн төсөлд Монгол Улсын визийг хилийн боомт дээр олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах зохицуулалтыг тусгажээ. Дэлхийн 70 гаруй улсын Засгийн газар гадаадын 150 орчим улсад outsourcing service буюу Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын ДТГ-ууд мөн энэ жишигт эрчимтэй шилжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 16 улсын Визийн төв Улаанбаатар хотод ажиллаж байна. Визийн төв нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Гадаад харилцаа яам, ДТГ-т тусгайлан олгосон “виз олгох эсэх” шийдвэр гаргах бүрэн эрхийг нь хөндөхгүй, улсын төсөвт төвлөрч буй визийн орлогыг бууруулахгүй, улсын төсвөөс аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр шийдвэрлэхэд хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хууль санаачлагчийн илтгэлдээ дурдлаа. Визийн төв нь Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.


Ази, Номхон далайн бүсийн Вьетнам, Камбож, Киргизстан, Казахстан, Узбекстан зэрэг улс орнууд цахим системээр дамжуулан цахим визийг ажлын 4 цагаас 3 хоногт багтаан олгодог байна. Иймд дээрх улс орнуудын жишгийг харгалзан холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны, жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын /туроператор/ шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 90 хоног байсныг 120 хоног байхаар заажээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, өнгөрсөн жил Монгол Улсад хууль бусаар ажиллаж байсан 800 хятад иргэнийг нутаг буцаасан гэдгийг онцлоод, уг асуудлын хяналт шалгалт, шийдвэрлэлт ямар шатанд явааг тодрууллаа.


Уг хэргийг шүүхээр хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хуулийн төслийг боловсруулах ажлын багаас хариуллаа. Дээрх 800 иргэн нь Эрээн болон Хөх хот дахь Консулын газраас виз авч, хоёр сарын хугацаанд цувж орж ирсэн гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэв.


Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсад орж ирсэн гадаадын иргэдийн хийж байгаа ажлыг бүрэн хянаж байгаа эсэхийг тодрууллаа. Тэрбээр, “Монголын үл хөдлөх хөрөнгийн бизнесийг гадны иргэд хийж байна. Хэд хэдэн байр худалдаж авчихаад, түрээслэдэг” хэмээв.


Монгол Улсад орж ирсэн иргэдийн бүртгэлийг шүүх программ хоцрогдсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Саяхан Монгол Улсад байгаа гадаадын иргэний визийн хугацааг шалгасан байна. Энэ үеэр визийн хугацаа нь дуусчихсан байхад Монголд 10 гаруй жил амьдарсан хүн хүртэл илэрснийг хэллээ.


Харин УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын иргэдийн давхар иргэншлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодрууллаа. Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй бөгөөд цаашид эргэн харах хэрэгтэй гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр, “гадаадад хөрөнгө оруулалт хийдэг, тухайн улсдаа харъяалал, иргэншил авсан хүмүүс олон байгаа” хэмээсэн юм.


Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ