АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ. 


Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хуулийн төслүүдийг ерөнхийд нь АН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана.

Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь ирэх  гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдлыг өр болгож буй энэхүү алдаагаа засах ёстой. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар  манай улсад 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болж байна гэж АН-ын бүлэг дүгнэлээ.


Ирэх оны төсөвт хүүхдийн  100 мянган төгрөгийг зургаадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна.

Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ