П.Наранбаяр: Бид сөрөг хүчин яаж ажилладаг вэ гэдгийг харуулна

Орон нутгийн сонгуулийн явц, үр дүн хийгээд цаашид шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар Хөдөлмөрийн үндэсний намаас байр сууриа илэрхийллээ.


Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр: Бид гурвуулаа ч 30 хүн шиг ажиллана. Бид ингэж чадна. Нийслэлийнхний өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулахын тулд бүх намуудтай хамтран ажиллана. Нийслэлийн төсвийг ил тод байлгахад анхаарна. Сөрөг хүчин яаж ажилладаг вэ гэдгийг харуулна. Дөрвөн жилийн дараа гэнэт дугардаг байж болохгүй. Тиймээс хуралдаан бүр дээр асуудлыг дэвшүүлж ажиллана. Хотын дарга хариуцлагаа үүрдэг, асуудлаа тодорхой тавьж, түүнийг шийддэг хотын даргыг хүсэж байна.


УИХ-ын гишүүн Т.Доржханд: Орон нутгийн сонгуулийг ач холбогдол өгөхгүй байдлаар, хуулийг нь ч ийм байдлаар зохицуулж ирсэн байна. УИХ-ын сонгуулийн ирц 50 хувьдаа хүрэхгүй бол дахин сонгууль явуулдаг. Гэтэл орон нутагт ирцийг байхгүй болгосон. Энэ нь хэн намын бүтцээ их ажиллуулна, хэн илүү их хүн зөөж санал өгдөг нь ялдаг систем уруу орж байна. Энэ нь ардчиллыг, иргэдийн төлөөллийг хангаж чадахгүйд хүрч байна. Тиймээс ХҮН сонгуулийн тогтолцоо, намуудын тухай хуулийг санаачилна. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Бид сонгуулиа өгдөг, ардчилсан сонгуулиар ардчилсан төрөө байгуулж чадах уу гэдэгт маш их санаа зовж байна. Тиймээс энэ чиглэлд тууштай ажиллана. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ