Ц.Туваан: Хууль, хүчний байгууллагууд эрх баригч намын талд ажилласан
Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд АН бүтэн багаараа өрсөлдөж оролцсон. Улсын хэмжээнд АН-аас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн Монголынхоо ард түмэнд талархсанаа илэрхийлье.
Энэ удаагийн сонгууль нэлээд төрийн оролцоотой болж өнгөрлөө. Төрийн тэр дундаа хүчний байгууллагууд эрх баригч намд үйлчилсэн. 21 аймгаас найман аймагт АН-ын нэр дэвшигчид олонхи болж, ялалт байгууллаа. Энэ найман аймгийнхаа иргэдэд талархсанаа дахин илэрхийлье.
Нийслэлд бол маш хүнд хэцүү сонгууль боллоо. Хууль, хүчний байгууллагууд эрх баригч намын талд ажилласан, мөнгийг хавтгай тараасан сонгууль болж өнгөрсөн. Нийслэлийн сонгуулийн хорооноос хууль бус шийдэл гаргаж, нэг намын талд үйлчилсэн байдалтай байлаа. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй хүмүүс сонгуульд нэр дэвшин оролцсон тохиолдлууд гарсан.
АН-ын нэр дэвшигчдийн хувьд төрийн оролцоо бага орсон газруудад өрсөлдөж ялалт байгуулсан байна. Увс, Архангай, Баянхонгор гээд аймагт хуулийн хүрээнд зөрчилтэй, гэмт хэрэгт шалгагдаж байгаа, хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэтийн хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан байна" гэлээ.
Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа "Сонгуулийн нөхцөл байдлыг товч танилцуулъя. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгогчдын ирцийн мэдээг албан ёсоор бидэнд өгөөгүй байна. Тиймээс бид нэр дэвшигчдэд өгдөг билл-ээр багцаалан тооцоо гаргалаа. Ингэхэд нийслэлийн 900 мянга орчим сонгогчийн 51 хувь нь саналаа өгөөгүй бол үлдсэн 49 хувиас МАН 22 хувь, АН 14 хувь бусад нам 13 хувийнх нь саналыг авжээ. МАН 200 мянга, АН 130 мянга, бусад нам 120 мянга орчим хүний санал авсан байдалтай байгаа.
Нөхцөл байдал маш хүнд, ээдрээтэй, хууль зөрчсөн асуудлууд сонгуулийн үеэр гарсан. Эрх баригч нам өнгөрсөн 4 жил үнэмлэхүй олонх байсан бөгөөд энэ хугацаанд Үндсэн Хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хуулиудыг баталсан. УИХ-д нэр дэвшиж байгаа хүн сонгогчдын нэрсийн жагсаалтаа сонгууль болохоос 20 хоногийн өмнө авах эрхтэй байсан. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигч сонгогчийн нэрсийн жагсаалт авах эрхгүй гээд заагаад өгчихсөн. Үндсэн хуулиндаа бол ижил гээд заасан хэрнээ ийм байдалтай. Дээрээс нь ирц хамаарахгүй болгосон. Орон нутгийн сонгууль дандаа 50 хувийн ирцэндээ хүрдэггүй, ялангуяа нийслэл.
Төрийн албан хаагч нэмэгдсээр 180 мянгад хүрээд байгаа бөгөөд үүний 90 мянга орчим нь нийслэлд байна. Энэ нөхцөлд нэг төрийн албан хаагч гэр бүлийн хүнтэйгээ саналаа өгөхөд өнөөдрийн МАН-ын авсан саналын тоотой тэнцэж байх жишээтэй. Төрийн данхар бүтэц ийм байдлаар сонгуулийн үр дүнд нөлөөлдөг учраас ирцийг 50-иас доошгүй хувьтай байна гэсэн хууль хэрэгждэг байсныг өөрчилсөн. Эрх баригч намын нэр дэвшигчид мөнгө тараасан ч хариуцлага хүлээгээгүй. СЕХ-ноос мэдээлж байгаагаар 369 гомдол авсан хэр нь ердөө 8 дээр нь л хэрэг үүсгэсэн байна.
Мөн хар машины асуудал яригдана. УИХ-ын сонгуулиар хар машиныг хакдаж чадсан, орон нутгийн сонгуулиар ашиглах боломжтой гээд хамтран ажиллах хоёр хүний бичлэг ил болсон. Гэтэл тэр бичлэгийг яаралтай шалгаж, шуурхай арга хэмжээ аваагүй. Цагдаа, тагнуулын байгууллага нэг хоногийн дотор залилангийн хэрэг байна гээд тогтоосон. Уг нь бол шүүхээр яаралтай шийдэгдээд нотлох баримтын хүрээнд арга хэмжээ авах ёстой байтал тийм зүйл хийгээгүй.
Хар машиныг хакдах эрсдэл байгаа учраас АН-аас хурууны бэхэн тэмдэглэгээг хийгээч ээ, энэ нь нэг хүн олон удаа санал өгөх боломжийг хязгаарладаг. Мөн бүх саналын хуудсыг тэр оройдоо гараар тоолооч ээ гэсэн санал гаргахад 50 хувийг нь тоолсон.
Нийслэлийн АН цаашдаа шударга сонгуулийн төлөө тууштай явна. Нотлох баримтуудаа бүгдийг нь цуглуулаад хууль хүчний байгууллагад хандаад, арга хэмжээ авахгүй бол олон улсын байгууллагад хандана. Мөн иргэдийн эрх ашгийг зөрчсөн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мөн хандахаа Та бүхэнд мэдэгдэж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ