Д.Сумъяабазар: Хотын дарга багаар ажиллах чадвартай байх ёстой

Монгол Ардын намаас орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  ​


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. МАН-ын хувьд НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 34 буюу 75 хувийг нь авлаа. Харин Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН-ын 200 төлөөлөгч  сонгогдлоо. Аймгийн ИТХ-аас 21 аймгаас 13 аймагт ялалт байгууллаа. МАН-д итгэл хүлээлгэж сонголт хийсэн ард түмэндээ талархал илэрхийлж байна. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө чармайн ажиллана. Нөгөө талаар иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй 8 аймаг, 1 дүүрэг бий. Эдгээр аймаг дүүргийн иргэдийнхээ итгэлийг дахин олж авахын төлөө дүүрэг, аймгийн улс төрийн намуудад өөрчлөлт, шинэчлэл хийх замаар ажиллана. 


Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: МАН-ын мөрийн хөтөлбөр цаашид бүх шатандаа хэрэгжих ёстой гэсэн бодлогыг дэмжсэн иргэд түмэндээ баярлалаа. Ажил хийх, бүтээн байгуулах нөхцөлөөр бүх шатандаа хангаж байна. Иргэдийнхээ итгэлийг хариуцлагаар хариулах үүднээс иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг даруй эхлүүлнэ. Засгийн газар, УИХ, орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого нэгэн жигд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй. Хотын дарга багаар ажиллах чадвартай байх ёстой. 

МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр, орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, Хөгжлийн гэрээ, 2050 буюу Алсын хараа томоохон бичиг баримтуудтай уялдуулан Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөнө. Хотын дарга хийх хүн зохих шалгууруудыг хангах ёстой. Багаар ажиллах чадвар гэсэн шалгуурыг тавина. Мөн намын даргын тавьж буй шалгуур бий. Эх орноо гэсэн сэтгэлтэй ялангуяа Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллах сэтгэлтэй байх ёстой. Боловсролтой, ёс суртахуунтай,  хуулийн хүрээнд ажиллах ёстой, ажлын дадлага туршлагатай байх ёстой" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ