Д.Баяндүүрэн: Мандатын тооноос илүү дугуйлвал саналын хуудас хүчингүй болно

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт эхэлсэн бөгөөд 11:00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 15.2 хувь байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 


Энэ удаагийн сонгуулийн санал авах хугацаа богино буюу 20:00 цаг хүртэл үргэлжлэх учир иргэдийг идэвхтэй оролцохыг СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн уриаллаа.


Тэрбээр "Санал авах цаг богиноссон. Өмнө нь 07:00-22:00 цагт саналаа өгдөг байсан бол одоо 07:00-20:00 цагт санал авах үйл ажиллагаа явагдах тул энэ хугацаанд саналаа өгөхийг хүсье.Мөн иргэд сонгогч та бүхэн хэсгийн хороон дээрээ амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөөрэй" гэв. 


Түүнчлэн энэ удаагийн сонгуулиар мандатын тооноос дутуу тооны нэр дэвшигчийг сонгосон ч санал тоолох төхөөрөмж унших аж.


Энэ талаар СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "УИХ-ын сонгуулиар мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлдаг байсан. Түүнээс илүү болон дутуу дугуйлахад саналын хуудас хүчингүй болдог байсан. Харин одоо бол зөвхөн мандатын тооноос илүү дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болно. Мандатын тоотой тэнцүү болон дутуу дугуйлсан ч саналын хуудас уншигдана" хэмээн онцлон тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ