Ерөнхийлөгч Х.Баттулга Спортын төрөлжсөн сургалттай тавдугаар сургуулиар зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.



Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.


Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ