АН: Орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардаж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал хураах төхөөрөмж ашиглахгүй байх, нийт саналыг гараар тоолох тухай шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлж буйагаа Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээллээ. 



Тодруулбал, нийгмийн цахим сүлжээнд сонгуулийн санал тоолох төхөөрөмжид нөлөөлөх тухай харилцан ярианы бичлэг өчигдөр цацагдсан. Уг бичлэгт, МАН-ын нэр дэвшигч н.Сэмжидмаа, н.Гангамөрөн нар сонгуулийн санал хураах машиныг хакердах үйлчилгээ авах талаар хүмүүстэй ярилцаж буй нь бичигдсэн гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллийн эхэнд онцоллоо. Дээрх үйлдэл нь батлагдвал "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн тэмдэглэв. 



Энэ асуудалтай холбогдуулан АН-аас ҮАБЗ-д таван чиглэл бүхий шаардлага хүргүүлж буйг нийслэлийн АН-ын хорооны дарга Б.Пүрэвдаваа танилцуулав. 



Уг шаардлагад: 



  • Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний гэмт хэрэг”, мөн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан “ҮАБ-ын эсрэг гэмт хэрэг”, Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгааг нэн яаралтай илрүүлэх, таслан зогсоох, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар авч хэлэлцэх, шийдвэрлэх;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд нэн яаралтай өөрчлөлт оруулж, New Image cast төхөөрөмжийг хэрэглэхгүй байх;
  • Үүнтэй холбоотой Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналыг гараар тоолох;
  • Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын хуруун дээр бэхэн тэмдэглэгээ заавал хийх;
  • Үүүсэн нөхцөл байдлыг хянан шийдвэрлэх үүрэг бүхий түр хороо байгуулж ажиллуулах; хэмээн заажээ. 


Хэрэв ҮАБЗ-өөс уг шаардлагад хариу өгөхгүй бол АН-аас НҮБ, АНУ, Германы ЭСЯ зэрэг ардчиллыг дэмждэг, шударга сонгуулийн төлөө дуугардаг улс орнуудад хандахаа мэдэгдлээ. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ