Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг төсвийн зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэнэ
УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороодоор Япон улсаас авах нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээний хэлцлийн төслийг хэлэлцлээ. Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр уг зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Япон Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад 25 тэрбум иен ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн дэмжлэг олгохоор шийдвэрлээд байна. Энэ хүрээнд ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газар хооронд солилцон ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна.
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг Монгол Улсын төсвийг зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ” гэв.
Яаралтай зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь дөрвөн жил, зээлийн жилийн хүү 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ