Зарим хууль тогтоомжийн төслийг буцаах тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) нэгдсэн хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны дахин хэлэлцэж, ойлголт, саналаа нэгтгэн асуудлыг эцэслэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн. Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Энэ үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ