ОУВС: Дэлхийн эдийн засаг хурдан сэргэх төлөвтэй байна
Дэлхийн эдийн засаг "COVID-19" цар тахлын хямралын нөлөөллөөс аажмаар гарч байна. Гэхдээ хямралын хүнд үе бүрэн арилах болоогүйг улс орнууд дор бүрнээ тооцох нь зүйтэй гэж Олон улсын валютын сан анхааруулж байна. Мөн дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд санхүүгийн нэмэлт дэмжлэг хэрэгтэйг ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиевна мэдэгдлээ.
ОУВС дэлхийн эдийн засаг 2020 онд 4,9 хувиар агшина гэсэн урьдчилсан таамгийг өнгөрсөн 6 дугаар сард гаргаж байсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг 1930-аад оны Их Хямралаас хойших хамгийн муу үзүүлэлтийг харуулна гэсэн таамаг дэвшүүлсэн. Гэвч БНХАУ тооцоолж байснаас хурдан хугацаанд эдийн засгаа сэргээж, бусад улс орнууд ч эдийн засгийн үйл ажиллагаагаа эргэн сэргээж, хил гаалиа нээж байгаа нь ийнхүү эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна.
Энэ талаар ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева, “Бид дампуурал, ажилгүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд аж ахуй нэгжүүд болон хөдөлмөр эрхлэгчид дээ үзүүлж байгаа эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх шаардлагатай байна. Ойрын хэдэн сардаа бизнесийн салбартаа санхүүгийн дэмжлэгийг тогтвортой үзүүлэх нь эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно” гэв.
Гэхдээ цар тахлын дэгдэлтээс улбаатай тодорхойгүй байдал дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хязгаарласан хэвээр байна. Иймд "COVID-19" цар тахлын тархалтыг зогсоох нь нэн тэргүүнд чухал байгааг ОУВС-гийн удирдлага гишүүн орнууддаа хандаж илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ