Ж.Батзандан:Шударга ёсны төлөө ШИНЭ нам тэмцэх болно
ШИНЭ намаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ШИНЭ намын дарга Ж.Батзандан:
-УИХ-ын сонгууулиас хойш гурван сар өнгөрлөө. Сөрөг хүчнүүдийн үйл ажиллагаа идэвхжих болсон гэж үзэж байна. Эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийг луйвардсаныг тагнуулын байгууллагад шалгуулахаар өгөөд гурван сар болсон ч хариу өгөхгүй байна.
ШИНЭ нам таван гишүүний тэмцэл дээр суурилж байгуулагдсан улс төрийн хүчин. Сөрөг хүчин нэгдэж, эрх баригч нарын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх болсон гэж үзэж байна. ШИНЭ нам АН, МАХН-тай нэгдээгүй, нэгдэх шийдвэр гаргаагүй.
"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан. "Эрдэнэ"-ийн 49 хувийг луйвардаж авахаар Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр нараар ахлуулсан хулхи ажлын хэсэг ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл ШИНЭ-д ирлээ. МАНАН дэглэмийн эсрэг ажлыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдыг энэ ажлын хэсгээс хөөж гаргасан мэдээлэл бидэнд ирж байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх та бидэнтэй хамт 2019 оны нэгдүгээр сард Засгийн газар чинь огцрох гэж дэнжигнэж байх үед "Эрдэнэт"-ийн 49 хувийг ард түмэндээ авч өгнө гэж хэлж байсныг чинь бид мартаагүй. Ерөнхий сайд аа, дэргэдээ байгаа Шадар сайд, зөвлөх нэртэй МАНАН дэглэмийн бүлэглэлийнхний үгэнд хөтлөгдөж, Монголын баялгийг монголчуудаас луйвардахыг таслан зогсооно гэдэгт итгэж байна.
Шударга ёсны төлөө ШИНЭ нам тэмцэх болно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ