Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам өнөөдөр (2020.10.07) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав.


Элчин сайд Ф.Малоун УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийг ахлах болсонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамд баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.



Хоёр улсын хооронд 1963 онд дипломат харилцаа тогтож, өдгөө худалдаа, эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Ч.Ундрам тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.


Талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, боловсрол, соёл, бизнес, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж байгаатай санал нэгдэж байлаа.


COVID-19 цар тахалтай тэмцэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал гэдэгт талууд санал нэгдэж, өнөөгийн нөхцөл байдалд тохируулан хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ажлуудаа тасралтгүй хэрэгжүүлэхэд хоёр талаас хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ