УИХ-ын дарга Г.Занданшатар Чингэлтэйн иргэдтэй уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийв. Соёлын төв өргөөнд болсон уулзалтын эхэнд тэрбээр УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулсан юм.


Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулганаа хугацаа алдалгүй хуралдуулж, Засгийн газраа байгуулж, төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаа богино хугацаанд жигдэрсэн нь улсаа сэргээн мандуулах, тулгамдсан асуудлаа хойшлуулалгүй шийдэх эрмэлзлийн илэрхийлэл юм.



УИХ, Засгийн газар түүхэн чухал цаг үед, ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах, Монгол орноо хөгжил дэвшлийн шинэ замд гаргах эрмэлзэл дүүрэн байна. Үүний тулд халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох, төрд хариуцлага, ёс зүйн зарчмыг бүрэн хэвшүүлэх зорилт дэвшүүлсэн гэж тэрбээр онцоллоо.


УИХ ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан.


Эдгээр баримт бичиг салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх, улсаа сэргэн мандлын замд гаргах цоо шинэ агуулгатай гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэлээ.


Улсын эдийн засаг амаргүй байгаа ч цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгийн хямралд нэрвүүлэхгүй байхад онцгой анхаарч, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал олгохоор болсон. Сая өргөн барьсан 2021 оны төсвийн хуульд 2021 ондоо үргэлжлүүлэн олгохоор тусгасан байгаа гэдгийг мэдээллээ. 



Түүнчлэн УИХ Үйлдвэржилтийн бодлогын, Ёс зүй, сахилга хариуцлагын, Инноваци, цахим бодлогын байнгын хороотой болж, тус байнгын хороодын гишүүд идэвх санаачилгатай ажиллаж байгааг дурдлаа. Үйлдвэрлэлийг зээлийн бодлого, татварын хөнгөлөлтөөр дэмжих нь нэн чухал тул зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Одоогоор 1 хувь буураад байна. Жил бүр нэг хувиар бууруулж, цаашид 1 оронтой тоонд хүргэхээр төлөвлөж байна гэлээ.



Уулзалтад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар оролцож, өөрсдийн сонгогдсон Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажил, бодлого, зорилго, гишүүний үйл ажиллагааныхаа талаар иргэдэд мэдээлэл өглөө.


Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжилд зориулан үргэлжлүүлж олгох, сонгуулийн тогтолцоонд шударга ёсыг хэвшүүлэх, замын түгжрэлийг яаралтай шийдэх зэрэг асуудлаар саналаа хэлж, асуулт асуусан юм.


Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцож, салбартаа холбогдох асуултуудад хариулт өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ