Д.Сарангэрэл: Гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгомоор байна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл байнгын хорооны хуралдааны үеэр гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх саналтай байгаагаа хэлжээ.


Тэрбээр Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй хүмүүст дээрх мөнгийг олгох асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдох албан тушаалтнуудаас хүссэн байна.


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүн С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид тус зөвлөлийн дарга болон гишүүнээр Засгийн газрын гишүүдийг томилох нь зохимжгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсдэг хэмээн байр сууриа илэрхийллээ.


Өнөөдрийн хуралдаанаар С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.



Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. 


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив.  


Хэлэлцүүлгийг явуулж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ