Ерөнхий сайд У.Хүрэлсүх ФАТФ-ын шинжээчдийн багтай уулзлаа

Ерөнхий сайд АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий ФАТФ-ын шинжээчдийн багтай уулзлаа. ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байна. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцоно.


Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм.



Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан.



Ингэснээр 6 нэмэлт ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг манай улс энэ оны 1, 5 дугаар сард ФАТФ-ын Хамтарсан бүлгийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай хамгаалж чадсан.


2020 оны 6 дугаар сард ФАТФ-аас Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Монгол Улсад газар дээрх хяналт, шалгалт хийхээр шийдвэр гаргаад байсан юм гэж Засгийн Газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ