Өртэй Монголчууд өөдлөх үү, уруудах уу?

“Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй” гэсэн монгол ардын зүйр үг бий. Манай улсын өр зээлийн дарамт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хумигдах бус эсрэгээрээ тэлжээ. 2016 онд нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байсан бол өнөөдөр энэ хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, нийт гадаад өрийн хэмжээг хувааж тооцвол нэг иргэн 28.3 сая төгрөгийн өртэй болжээ. Төв банкны мэдээлснээр, 2019 оны жилийн эцсийн гадаад өрийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад нийт өрийн хэмжээ 1.9 тэрбум ам.доллараар өссөн байна. Өрийн хэмжээ ийнхүү өсөхөд Засгийн газар болон хувийн хэвшлийн өр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.


Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар огцом өссөн ба Засгийн газрын нийт өрийн хэмжээ хамгийн өндөр дүнг эзэлж байна. Гэтэл Монгол Улс ирэх онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах ёстой. Энэ нь одоогоор гадаад валютын албан нөөцийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө.



Түүнчлэн цар тахалтай холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 5.2 их наяд төгрөгийн өрийг нэмж тооцвол хийж гавьсан юмгүйгээр Чингис бондыг гурав нугалах хэмжээний өр тавьчихаж. Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөхөөр болоод байна. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй. “Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх” гэж яг үүнийг л хэлэх байх. Өөрөөр хэлбэл, бидний байгаа нөөц боломж энэ их өрийн хаана нь ч хүрэхээргүй бага юм.


Өрийн дарамтаас гарах боломж бидэнд бий юу?


Угтаа бид уул уурхайгаа нэгт тавилгүй, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрээ дэмжээд явсан бол ажлын байр нэмэгдэх боломжтой. Аймаг бүрт махыг өндөр технологиор боловсруулах жижиг үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүнээ гаргах юм бол хэрэглэгчдэдээ сайн чанарын бүтээгдэхүүн өгөөд зогсохгүй гадаад зах зээлд ч гарах боломжтой болно. Нөгөө талаас байгаа нөөц бололцоогоо зөв юманд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал, ямар ч хөрөнгө оруулалт хийсэн үр ашгийг нь тооцоод, эргүүлээд өөрийнхөө орлогоор зээлээ нөхөх чадвартай байх ёстой. Иймд бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох замаар эдийн засгаа сэргээх боломжтой юм.

 



Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ