Есдүгээр сарын байдлаар 95.7 мянган тонн улаанбуудай, 183.5 мянган тонн төмс хураажээ

2020 оны ургацын урьдчилсан балансаар манай улс 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гарсан. Мөн гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай  байпаг аж.

Түүнчлэн 180 мянган тонн төмс, 251 мянган тонн хүнсний ногоо манай жилийн хэрэгцээнд шаардлагатай бөгөөд балансаас харахад төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60, бага тархацтай ногооны 45 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80, төмс 46.2, хүнсний ногоо 19 мянган тонноор илүү байхаар байна.

Есдүгээр сарын 29-ний байдлаар 95.7 мянган тонн улаанбуудай, 183.5 мянган тонн төмс, 64.7 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Тодруулбал, үр тарианы хураалт 20.3, хүнсний ногооны хураалт 56.8, төмсний хураалт 74.3, тэжээлийн тарималын хураалт 22.5 хувийн явцтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ