Д.Тогтохсүрэн: Өргөн барьсан боловч хэлэлцээгүй 100 орчим хуулийн төсөл байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хурлаа хийж байна. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, долоо дахь парламентын бүрэн эрхийн хугацаанд өргөн барьсан боловч хэлэлцээгүй, зарим гишүүд нь сонгогдоогүй хуулийн асуудлууд байгаа тул үүнийг хэрхэх талаар ярилцлаа. 100 орчим хуулийн төсөл байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн. Харин өргөн барьсан гишүүн нь сонгогдоогүй хуулийг төслүүдийг буцаах, хамтран өргөн барьсан гишүүдийн зарим нь сонгогдоогүй бол хэрхэх асуудлаар ярилцах шаардлага байна гэж үзлээ.  


Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган завсарласны дараа тойрогтоо ажилласан. Гишүүд тойрогтоо ажилласантай холбоотойгоор тодорхой саналуудыг тавьсан. Тиймээс аравдугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагаас Шадар сайдын мэдээллийг сонсоно. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсоно" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ