Т.Доржханд: Энэ бүхний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байна

Хөдөлмөрийн Үндэсний Намаас хэвлэлийн хурал хийлээ. Орон нутгийн сонгуульд тус нам оролцохгүй болсон бөгөөд уг асуудлаар тайлбар өглөө. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөдөлмөрийн үндэсний намынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Бид өөрчлөлтийг бий болгохоор эвлэлдсэн болохоос хэн нэгэнтэй холбогдож улс төр хийх гээгүй. Биднийг хамтарч ажиллахгүй бол сонгуульд оролцуулахгүй гэж байна гэж ойлголоо. Бид эхнэр хүүхдийнхээ цүнхийг барьж явснаас хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг барьж яваагүй.


Хуулийн байгууллага хараат, хэн нэгэнд үйлчилдэг байх юм бол өөрчлөх ёстой. Бидний шаардлагын хариуг 24 цагт өгөхгүй бол эсэргүүцэл илэрхийлж, хамгийн хүнд тэмцлийг сонгоно. Энэ бүхний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байна.


Хуулийн дагуу бид сонгуульд оролцох бичиг баримтаа Нийслэлийн сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Бүх бичиг баримт бүрэн гээд бүртгэсэн байтал өчигдөр нэг шүүгч захирамж гаргаж биднийг сонгуульд оролцуулахгүй гэлээ. Өчигдөр 11 цагт шүүх хурал товлоод бидэнд хэлсэн. Шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй. Давж заалдах хугацаа 30 хоног. Тэгэхээр сонгууль дууссаны дараа л үүнийг шийдвэрлэхээр болж байна. Ийм хөгийн улс төрийн тоглолтыг шүүхээр, нэг шүүгчээр дамжуулан хийж байгаа юм. Тиймээс бид энэ асуудлыг 24 цагийн дотор, иргэдэд нээлттэйгээр шүүх хэрэгтэй" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ