Монголын эдийн засаг 2.4 хувиар агшина

Энэ оны эхний хагаст 10 хувиар агшсан Монгол Улсын эдийн засаг хоёрдугаар хагаст 2,4 хувиар агшиж, бага зэрэг сэргэх төлөвтэйг Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцолжээ.



Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаа агшиж байгаа тохиолдол юм. Гэхдээ ирэх жилүүдэд таваас дээш хувиар өсөх боломжтой. Учир нь Монгол Улс цар тахлын халдварыг дотроо алдахгүй, амжилттай барьж чадсан, уул уурхайн салбар ирэх жилүүдэд өсөх, үүнийг дагаад хэрэглээ нэмэгдэхтэй холбоотой. Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд эерэг гарахад хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспорт нөлөөлөхийг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэлэв.



Иймд Монгол Улсын Засгийн газар урт хугацаанд хангалттай бэлтгэл буюу хуримтлалтай байх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний капиталаа бүрэн ашиглах, ардчиллын үнэт зүйлээ давуу байдал болгон авлигыг цэгцэлснээр ирээдүйн зорилтоо хангаж чадахыг Дэлхийн банкнаас зөвлөөд, хэт их өрөнд орохоос сэргийлэхийг анхааруулсан юм.



Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагыг хааснаар бүс нутгийн сурагчдын бодит түвшинд сурсан жил 0,7 жилээр хумигдахаар байгаа нь тэдний ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр 4 хувиар буурч болзошгүйг тайланд дурджээ. Иймд цар тахлын үед суралцах боломжийг аль болох бүрдүүлж, тасалдуулахгүй байхыг зөвлөв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ