Ч.Хүрэлбаатар: 600 сая ам.долларын өртөг бүхий "Номад" бондыг босголоо
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бонд босгосон талаар өнөөдөр /2020.09.29/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Засгийн газар 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай $600 сая долларын өртөг бүхий "Номад" бондыг босгосноо өнөөдөр танилцууллаа.
2017 онд 10.0875%-ийн хүүтэй босгож байсан "Мазаалай" бондоос хоёр дахин бага хүүтэй энэхүү бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр "Мазаалай" бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд "Чингис" бондын төлбөрийг хойшлуулж байгаа" хэмээн тайлбарлалаа.
Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26 гаруй сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх аж. "Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол "Номад" бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа" гэдгийг нэмж хэлэв.
Мөн энэ жил онлайнаар бонд босгож чадсан гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ