Ш.Адьшаа гишүүн “Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал“ сэдэвт анхдугаар бага хуралд оролцов

Өнөөдөр Ховд аймгийн Ховд их сургууль дээр “Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал“ сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал эхэллээ. Хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд  “Монголын баруун бүс нутаг дахь шашны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь“, “Говь Алтай аймаг дахь шашны зарим асуудал“ “Баян-Өлгий аймаг дахь уугуул Монгол иргэдийн шашин шүтлэгийн өнөөгийн байдал“  зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж,  ярилцаж байна.



 Уг хуралд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа оролцож шашин судлал, шашны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв.  Тэрээр ярианыхаа эхэнд өнөөгийн нийгэмд хамгийн чухал анхаарах асуудал болсон баруун бүсийн шашны нөхцөл байдлын талаар хөндөн ярьж, асуудал дэвшүүлж,  шийдвэрлэх гарц тодорхойлох гэж байгаа зохион байгуулагчдад баяр хүргэж амжилт хүслээ.  Ш.Адьшаа гишүүний хэлсэн үгнээс сийрүүлбэл   Хүн төрөлхтөн глобалчлагдаж байна. Хүн төрөлхтний соёл иргэншил, оюун санаанд нөлөөлдөг олон хүчин зүйлүүдийн нэг бол шашин юм.


Шашин бол хүний оюун санаа,  улс орны хөгжлийн бодлогод ч тодорхой хэмжээгээр байр суурь эзэлдэг. Олон ястны өлгий нутаг Монгол Улсын баруун хязгаарт буддын шашин, исламын, бөө мөргөлийн шашнууд зонхилж байсан бол сүүлийн үед Христосын гэх мэт дэлхийн шинэ шашны урсгалууд ч нэвтрээд байна.  Иймээс шашны өнөөгийн нөхцөл байдлыг судлан дүгнэж цаашид хууль эрх зүйн орчинг ч анхаарах шаардлагатай. Энэ талаар судалж,  дүгнэн хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлох гэж байгаа та бүхэндээ амжилт хүсье “ хэмээв.




Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал Ц.Пүрэвсүрэн  Монгол оронд 1990-ээд онд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө нээлттэй болсонтой холбогдон дан ганц шашингүй үзэл, ухамсар,  эс бол буддын шашны ноёрхох шинжтэй бус харин дэлхийн олон шашны урсгал,  номлолууд зэрэгцэн орших болсон.  Монголын нийгмийн хөгжлийн өнөөгийн бүтэц,  угсаатны бүлгийн бүрэлдэл,  бодит байдал,  гадаад орны зүгээс явуулж буй бодлого,  нөлөөлөл, дотоодод баримталж байгаа бодлого, эрх зүйн орчин, хүчин зүйлсийн талаар авч үзэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хамгийн гол нь, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шашны олон байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулалтад оруулах гээд олон асуудлыг бид шийдэх цаг болсон  гэв.




Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль,  МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн,  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Ховд аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ