Г.Занданшатар: Алтаар валютын нөөцийг бүрдүүлж, ханшийг тогтворжуулах хэрэгтэй
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг 2021-2023 онд 6 хувь орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ цар тахлаас шалтгаалан эдийн засгийн төлөв, санхүүгийн орчинд бий болсон сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх үүднээс макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх юм байна.
Өмнөх жилүүдэд мөчлөг сөрсөн бодлогоор хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг сааруулж, банкны балансын долларжилтыг бууруулах арга хэмжээ авсан нь эдийн засгийн хүндрэлийн үед үүсэж болзошгүй байсан эрсдэлийг хязгаарлаж байгаа аж. Санхүүгийн тогтвортой байдлын хүрээнд, коронавируст цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах, хяналт шалгалтын болон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчны шинэтгэлийг үргэлжлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна.
2021 онд Монголбанкны хяналт шалгалтын бодлого хүндрэлийг хохирол багатай даван туулж, санхүүгийн зуучлалын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийн хувилбаруудыг боловсруулж хэрэгжүүлэх, түр хугацааны мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээнүүдээс аажмаар гарах төлөвлөгөөг боловсруулахад чиглэх юм байна. Үүний зэрэгцээ, банкны зохистой харьцаа, активын ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлт болон хяналт шалгалтын хүрээнд тавигддаг шаардлагуудыг Базелийн цуврал стандарттай нийцүүлэн шат дараатай нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх суурь шилжилтийг тасралтгүй үргэлжлүүлэх аж.
Мөн бие даасан 10 гаруй хуулийг багтаасан “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган уялдаа холбоог сайжруулж, санхүүгийн зах зээл илүү үр ашиггай ажиллах, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд технологийн дэвшил нэвтэрч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болох орчныг бүрдүүлэх, санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн тооцжээ.
Төвбанк санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжихийн зэрэгцээ Улсын Их Хурлаас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулах, Банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Цаашид коронавируст цар тахлын нөлөөгөөр эдийн засагт бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах, үүсэж болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх шаардлагатай тул Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа энэхүү зорилтыг хангахад чиглэнэ гэдгийг төслийг өргөн барих үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэл болон Монголбанкны үйл ажиллагаанд анхаарах дараах 3 асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
1. Дэлхий даяар долларын ханш унаж, алтных өсөж байна. Гэтэл манайд яагаад долларын ханш буурахгүй байна вэ? Энэ асуудалд Монголбанк анхаармаар байна. Алтаар валютын нөөцийг бүрдүүлж, валютын ханшийг тогтворжуулах, улмаар бууруулах замаар эрсдэлээс эдийн засгаа хамгаалах хэрэгтэй байна.
2. Зээлийн хүүг бууруулах нь Монголбанкны онцгой анхаарах асуудал мөн. Энэ талаар УИХ-аас авч буй арга хэмжээг захиргааны аргаар хүү бууруулна гэж байхгүй гэх юм уу, хүү ерөөсөө буурахгүй юм байна, худлаа амлалтаар хуурч байна гэх мэтээр нийгэмд буруу ойлголт төрүүлэх оролдлого гарч байна. Зээлийн хүүг бууруулж болно. Эхний ээлжинд 1 хувиар буурсан. Цаашдаа ойрын 4 жилд дор хаяж 4 хувь буурна. Зээлийн хүүг бууруулж чадсан гадна, дотнын туршлагыг сайн судлах хэрэгтэй. Тухайлбал, Японы Төвбанк дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болтол нь үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмждэг юм байна. Ялангуяа экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг мөнгө, зээл, татварын бодлогоор л дэмжих ёстой. Үйлдвэрлэлийг лэмжиж байж л улс орон хөгжинө. Энэ арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлмээр байна.
3. Манай дотоодын зах зээл бол төгс өрсөлдөөнт зах зээл биш. Өрсөлдөөнөөр хөгжинө гэдэг энэ жижиг зах зээлд амаргүй. Тиймээс алсын хараа, төлөвлөлт чухал байна. Жишээ нь, манай дотоодын цементийн нэг жилийн хэрэглээ 2.0 сая орчим тонн. Гэтэл Хөгжлийн банк болон бусад банкнаас 5.0 сая тонн цемент үйлдвэрлэхэд зориулан зээл олгожээ. Эрэлт хэрэгцээндээ нийцүүлж үйлдвэрлэлийг төлөвлөх, төлөвлөлттэйгээ уялдуулан мөнгөний бодлогоо тодорхойлох шаардлагатай байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг бид 1 жилээр гаргадаг. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх дунд хугацааны зорилттойгоо холбоотойгоор 4-5 жилээр төлөвлөдөг болмоор байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ