Нүүрсийг дотооддоо баяжуулж, боловсруулан экспортод гаргаж байна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцан ажиллаж байна.
Энэ хүрээнд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлснээс хойш 2-3 жилийн хугацаанд Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтэцтэй аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжжээ.
Уг цогцолборын үйл ажиллагааг “Энержи Ресурс” ХХК хариуцдаг бөгөөд Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 2009 оноос хойш улсын төсөвт 1.4 гаруй их наяд гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 5,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.
Өнөөдрийн байдлаар “Энержи Ресурс” ХХК Ухаа худаг уурхайн нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй. Дотооддоо баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлох боломж бүрддэг гол давуу талтай юм.
Энэ оны эхний хагасын байдлаар тус компани 2000 гаруй үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 4000 орчим хүн шууд ажлын байраар хангажээ.
Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд гурван төрлийн аргаар нүүрсийг баяжуулж, бүтээгдэхүүн болгон экспортлодог. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай. Тус үйлдвэр нь бүрэн хүчин чадалдаа хүрснээр нийт 150 гаруй ажлын байрыг бий болгожээ.
Усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, 2013 онд тус үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрээс гарах хаягдал лагийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нарийн технологиор дахин шавхаж боловсруулдаг болсон бөгөөд ингэснээр үйлдвэрлэлд дахин ашиглах усны хэмжээг өмнөхөөс 60-70 хувь нэмэгдүүлсэн гэдгийг “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж танилцуулав.
Ухаа худагийн коксжих нүүрсний орд нь 2962 га талбайтай, 680 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 292 сая тонн нүүрсний нөөцийг 30 жил ил аргаар олборлосны дараа далд аргаар олборлох төлөвлөгөөтэй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ