М.Тулгат: С.Амарсайханыг хандивын мөнгөөр урамшуулал олгосондоо уучлал гуйхыг шаардаж байна
УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан талаар өмнө мэдээлсэн.
Энэ нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрийн захирамж юм. Захирамжид "коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй сайн зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг шагнаж урамшуулах тухай заажээ.
Энэ талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) дахь Ардчилсан намын (АН) бүлгийг төлөөлж, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Хэдийгээр холбогдох байгууллагын ажилтнууд цар тахлын үеэр сайн ажилласан ч иргэдээс цугларсан хандиваас урамшуулна гэдэг ёс зүйн хувьд алдаатай үйлдэл юм. Тэгэхээр НИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлж энэ үйлдэлдээ иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна. Үүнийг мөн нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлнэ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ