Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.22/ Говь-Алтай аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Тайшир усан цахилгаан станцаар зочилж, “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Улаанбаатар хотоос 1,100 км зайд Завхан голыг түшиглэн байгуулсан Тайшир УЦС-ын барилга угсралтын ажил хоёр жил үргэлжилж 2007 онд дууссан. Ийнхүү 2008 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 233 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, 2 аймгийн 29 сум суурингийн 120 мянган ард иргэд, 1,000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг эрчим хүчээр хангасан байна. Энэ нь дизель станцын үйлдвэрлэлтийн өртгөөр тооцвол 1 кВт.цаг тутамд улсын төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тайшир УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд:
Суурилагдсан хүчин чадал: 11 МВт
Жилд үйлвэрлэх эрчим хүч: 37,0 сая кВтц
Усан сангийн нийт эзлэхүүн: 1030 сая м3
Усан толион талбай: 52,0 км2
Далангийн өндөр: 50 м
Далангийн урт: 190 м
Тайшир УЦС-ийн удирдлага тус станц ажиллагаатай болсноос хойших 12 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ. Жишээ нь, далангийн өнгөлгөөний хэсгийг европын технологиор хийснээс Монгол Улсын уур амьсгалаас шалтгаалан ажиллагааны явцад хүндрэл үүсчээ. Ингээд монгол инженерүүд хамтран хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх механизмыг зохион бүтээж, асуудлыг шийдвэрлэж чадсан байна.
Иймд, дотоодын урсацтай долоон голыг түшиглэн 10 өөр байрлалд Тайшир УЦС шиг цахилгаан станцыг байгуулах боломжтой талаарх судалгааг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Тодруулбал, баруун, төв, зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэр дэх томоохон гол, мөрнүүдийг түшиглэн гадаргын усны хуримтлал үүсгэх сангуудыг байгуулах талаарх судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь төвийн бүсийн нэгдсэн системийн горим тохируулгад чухал бөгөөд эрчим хүчний хараат бус байдал, ялангуяа баруун бүсэд эрчим хүчний хараат бус байдлыг хангахад маш өндөр үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мөн албаныхан хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ